Таны байрлал: Home Нүүр КТ - Үндсэн булангууд КТ-ын Алдартан Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет

КТ.мн

Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет

И-мэйл Хэвлэх PDF
warren-buffetwww.gegeen.com
Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас сүүдрийг зооглож байгаа ч ануухнаараа, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй Варрен дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын компани Беркшайр Хатавэйг одоог хүртэл тэргүүлж явна. Варрен Буффетын хөрөнгө нэг жилийн өмнө 52 тэрбум доллараар тоологдож байсан. Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр Berkshire Hathaway-ийн хувьцааны үнэ гайхалтай өссөн нь түүний хөрөнгийг нэг жилийн дотор 10 тэрбумаар арвижуулан 62 тэрбум болгосноор Forbes-ийн “сэтэрлэгдсэн” тэрбумтан Билл Гейтсийг ардаа орхисон юм. Варрен Бафетын дараа Мексикийн харилцаа холбооны “хаан” гэгдэх Карлос Слим Хэлу 60 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 2-рт бичигдэж, 58 тэрбумын хөрөнгө тоолуулсан Микрософтын вант улсын эзэн Билл Гейтс удаалсан байна. Манай гаригийн хамгийн баян хүн Варрен Буффетын амьдралын хуудсыг хамтдаа сөхье.
Зургаан настай наймаачин хүү
Үе тэнгийн 6 настнууд ээжээрээ өмдөө татуулан, мээмнээсээ ч гараагүй эрхэлж, тоглоом наадам эргүүлэн гүйж байх тэр үед Варрен хүү өвөөгөөсөө зээлсэн 25 центээр 6 багц Кока кола ундаа худалдан авчээ. Ингээд гудамжинд хүний хөл хөдөлгөөн ихтэй газарт нэг ширхэг Колог 5 центээр зарлаа. 1930 оны 8-р сарын 30-нд Ховардын 2 дахь хүү болон мэндэлсэн Варрен хүүхэд байхаасаа л хэн нэгнээс худалдаж авсан зүйлээ бусдад үнэ нэмэн зарж ашиг олдог “мөнгө хүүлэгч” байсан бөгөөд мөнгөө хэрхэн өсгөх тал дээр толгой нь гайхалтай ажилладаг овжин хүүхэд байлаа. Брокероос Конгрессын гишүүнд өрсөлдөж явсан аавынх нь сэргэлэн зан Варрен хүүд өвлөгдсөн нь тэр биз ээ. Кока кола жижиглэн зарж олсон ашгаараа 6 настай Варрен унадаг дугуй худалдан авч өөртөө бэлэглэв. Үүнээс 5 жилийн дараа буюу 11 настайдаа Cities Service-ийн нэг бүр нь 38 доллараар үнэлэгдсэн 3 ширхэг хувьцаа худалдан авчээ. Хувьцаа худалдан авсны дараахан 38 доллараар арилжигдаж байсан хувьцааны үнэ 27 болтлоо унахад Варрен маш их сэтгэл санаагаар унасан гэдэг. Гэтэл тэрбээр бууж өгөхийг хүссэнгүй хувьцаагаа тэвчээртэй хадгалж нэг бүр нь 40 долларын үнэтэй болоход зарж санаа нь амарчээ. Гэтэл тэрбээр бас л яарсан гэдгээ ухаарлаа. Учир нь хувьцаагаа зарсанаас хэдхэн хоногийн дараа Cities Service-ийн хувьцаа 200 доллараар арилжигдаж эхлэв. Энэ явдал нь Варренд “Тэвч. Тэвчээр бүхнийг ялна” гэдэг сургамжийг өгсөн гэдгийг тэрбээр хожмоо дурсан ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлд та ажиллахыг хүсэж байвал эсвэл энэ зах зээлээс мөнгө “уутлах” сонирхолтой бол сэтгэлийн хөдөлгөөнөө ил гарган донсолж, яарч болохгүй гэдэг алтан зарчимыг баримтлах ёстой гэж Варрен хэлсэн байдаг.
Пенсилваний ИС-ийн Вартен бизнесийн сургуулийн профессоруудыг мадалсан хүү Харвардад “жийгдсэн” нь...
1947 он. 17 настай Варрен Буфет ахлах сургуулиа дүүргээд аавынхаа шахалтаар их сургуульд орохоор болов. Зургаан настайгаасаа наймаа хийсэн Варрены “хөрөнгө” энэ үед 5000 доллар болтол өссөн байлаа. Варрен хүү Вартены бизнесийн сургуульд орсон боловч сургуулийн профессоруудын заасан бүхэн чамлалттай санагдсан тул сургуулиа орхихоор шийджээ. Сургуулиа орхисон Варрен Харвардын бизнесийн сургуулийн магистрын сургалтанд элсэхээр шийдэн хүсэлт гаргасан боловч Харвардаас түүнд санаанд оромгүй хариулт ирүүлсэн байна. Энэ нь Варреныг ердөө л Харвардын магистарын сургалтанд суралцахад дэндүү залуу байна гэсэн шалтгаан байлаа. Тухайн үед доромжлол мэт хүлээн авсан энэ явдал нь түүнд хожмоо амьдралынхаа ялангуяа бизнесийн “тулаанд” хүчтэй байлдагч болоход нь тусласан гайхамшигт багштай учруулах эхлэл нь байсан гэдгийг Варрен өөрөө ч мэдээгүй юм. Асар том боломжийг нь салхинд туусан тэрхүү дугтуйтай захиа Варренд түүнээс том боломжийг нь нээсэн шидэт илгээмж байжээ. Харвардад бүтэлгүйтсэн хүү Колумбийн их сургуульд хүсэлт гарган оюутан боллоо.
Варрен Буффетын бизнесийн загалмайлсан эцэг
Колумбийн их сургуулийн багш Бен Грахамд Варрен Буффет “яг л мөнгө үйлдвэрлэгч” л ийм байх ёстой болов уу гэсэн сонгодог шинэ дүр төрхийг сануулдаг байсан гэдгийг хожмоо дурсан ярьсан байдаг. Энэ ч утгаараа цовоо сэргэлэн, суусан газраасаа шороо биш бүр алт ганзгалдаг Варрен хүү Колумбийн их сургуулийн профессор, хөрөнгийн зах зээлийн гайхамшигт гарын авлага гэгдэх “Security Analysis”, болон “Intelligent Investors” номын зохиолч, Бен Грахамын хайртай шавь болсон юм. Бен Грахам, 21 настай Варрен хүүг хөрөнгийн зах зээлийн эргэлт буцалтгүй хөтлөсөн алтан шатыг дардан тавьсан хүн яах аргагүй мөн гэдэг. Оюутан байхдаа “Хэн нь хэн бэ” номыг уншсаны дараа Варрен Буффет уг номонд гардаг GEICO гэх хэн ч мэдэхгүй даатгалын компаний захиралтай уулзахаар Вашингтоныг зорьлоо. Энэ үед Варрен 21 настай байсан юм. Бямба гарагийн өглөө Вашингттонд GEICO-ийн байранд ирэхэд түгжээтэй хаалга түүнийг угтав. Варрен хэн нэгэн тэр байшинд ирж хаалга онгойлгохыг хүлээн үд дунд хүртэл байрны гадаа суужээ. Компаний хаалгач ирэхэд Варрен компаний байранд хүн байгаа эсэхийг асуутал 6 давхарт хонон өнжин ажилласан хүн байгаа тухай мэдэв. “Гэрээ мартсан гэсэр шиг” ажилладаг энэ хүн бол тус компаний Санхүүгийн албаны дарга Лоримар Давидсон байсан юм. Энэ хүн Варренг даатгалын компанитай насан турш нь холбох гүүрийг тавьсан бөгөөд хэн ч мэдэхгүй жижигхэн компани ч Варрены ачаар дэлхийд нэртэй болж чадсан байдаг.
Залуу Варрен Буффет хөрөнгийн зах зээлд
Колумбийн их сургуулиа төгсөөд төрлөх хотдоо эргэн ирж аавынхаа брокерын пүүст ажилд оров. Энэ үеэр Сюзи нэртэй бүсгүйтэй танилцан төд удалгүй 1952 онд гэрлэжээ. Варрен Буффет өдрийн цагаар аавынхаа пүүст ажиллаж оройгоор Омахагийн их сургуульд лекц уншин бүх цагаа мөнгө болгохын тулд хөдөлмөрлөж байсан ч гэр бүлийн амьжиргааг нь хангалттай залгуулж чадахгүй л байлаа. Ингээд тэрбээр Нью Иорк руу нүүв. Их хотод ирээд S&P-ийн тайланг судлан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэв. Яг эндээс Варрен Буффетын хувийн онол, баримтлал төрж энэ баримтлал нь түүнийг хожмоо хэнд ч дийлдэхгүй хүчтэй хөрөнгө оруулагч болгох суурийг тавьжээ. Компани хэрхэн ажиллаж байгаа, компаний бодлого нь тус байгууллагад ямар давуу талыг бий болгож буй зэрэг нь Варрены анхаарлыг илүүтэй татна. Энэ бүхнээс тэрбээр компаний менежментийн бодлого нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хамгийн гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл гэдэгт бат итгэлтэй болж ирсэн юм. Харин Бэн Грахам компаний тайлан баланс, орлогын тайлан нь хөрөнгө оруулалт хийх шийдвэрийн гол чиглүүлэгч гэж үзэж байлаа. Нью Иоркод ирсэн Варрен өөрийн гэсэн заримчтай ч болж мөн анхны хөрөнгө оруулалт хийсэн 9,800 доллараа 140,000 доллар болтол өсгөж чадлаа. Энэ мэтээр явсаар Варрен 1956 он гэхэд 300,000 долларын хөрөнгөтэй болсон байв. 100,000 ам долларын анхны хөрөнгө оруулалт нь түүний мөнгийг 300,000 болтол нь өсгөж чаджээ. 1960 он гарахад 3 сайхан хүүхэд, үзэсгэлэнтэй халамжит эхнэр, ирээдүйтэй, амжилттай яваа бизнес гээд аз жаргалтай амьдралын бүхэн Варрен Буффетад байв. Өсөлтөөс өсөлт рүү байнга тэмүүлэн амжилттай явж ирсэн түүний нууц нь Варрен хэзээ ч санаа амран хойш суухгүй яг л бүхнийг шинээр эхлүүлж байгаа юм шиг эрч хүчтэй хөдөлмөрлөдөгт байв. Тасралтгүй хөдөлмөрлөсний үр дүнд 1962 он гэхэд Варрены гэр бүлийн хөрөнгө 6,846,936 болжээ. Мэдээж үүнээс хойш түүнд уналт гэж бараг байсангүй дандаа өсөлт, амжилт, ашиг гэсэн гинжин хэлхээнд эргэлдсээр 2008 оны Forbes-ийн тэрбумтануудыг тэргүүлж нэгд бичигдсэн билээ.
ПИЛАНТРОФИ – Бусадтай хувааж идсэн хоол маш амттай
Варрен Буффет бол зүгээр нэг мөнгө эргэлдүүлэгч, мөнгө үржүүлэгч, тоо бодогч биш тэрбээр хүмүүнлэгийн үлгэр жишээ үйлстэн, пилантрофийг дэлхий нийтэд ойлгуулахад асар их ажил хийж яваа буянтан. 2006 оны 6-р сарын 27. Энэ өдөрт дэлхийн пилантрофийн түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэх үйл явдал болсон гэж хэлж болно. Энэ өдөр манай гаригийн хамгийн баян хүмүүс болох Билл Гэйтс, Варрен Буффет нар дэлхий нийтийн ядуурал, өлсгөлөн, халдварт өвчний эсрэг тэмцэхэд 60 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт бүхий санг байгуулан гарын үсэг зуржээ.
Өөрөөр хэлбэл Варрен, Гэйтс хоёр хөрөнгийнхөө 80 хувьтай тэнцэхүйц хэмжээний мөнгийг дэлхий нийтийн сайн сайхны төлөө гэрээслэн үлдээсэн гэсэн үг юм. 150 гаруй жилийн түүхтэй Америкийн пилантрофийн түүхэнд энэ явдал нь санаанд багтамгүй асар баялаг хөрөнгө оруулалт байлаа.
Нью Иоркийн төв номын санд сангийнхаа нээлтийг хийж гарын үсэг зурсан тэрбумтан найзуудаас гайхширсан сэтгүүлчид олон асуултыг тавьж байжээ. Сэтгүүлчид “олон жилийн турш хурааж хуримтлуулсан хөрөнгийнхөө 80 гаруй хувийг бусдад зориулах шийдвэрийг яагаад гаргах болсон вэ” гэсэн асуултыг нэгэн зэрэг сонирхож байв. Энэ асуултанд Варрен Буффет “Өнөөдрийн баялгаа би өөрөө босгосон. Үр хүүхдээ би хэнээс дутахгүй хүн болгон хүмүүжүүлж чадсан. Миний хүүхдүүдэд миний мөнгө биш өөрсдийнхөө хөлсөөр бүтсэн баялаг амттай байх бизээ. Би эртнээс л 3 хүүхдэдээ энэ бүхний та нарт өвлүүлэхгүй шүү гэдгээ хэлдэг байлаа. Варрен Буффетэд харьяалагдаж байгаа энэ бүх баялаг, эд хөрөнгө бусдын хөлс хүчээр бүтсэн зүйл. Иймээс би тэдний сайн сайхны төлөө эргүүлэн зарцуулмаар байна” гэж хариулсан гэдэг.
Хамтарсан сангийн хөрөнгө оруулагч Билл Гейтс “Энэ хөрөнгө оруулалтыг хүртсэн хэн бүхэн урдах ажлаа сэтгэлээсээ хийгээсэй гэж би хүсэж байна” хэмээн хариулсан байдаг. Сайн үйлсийн /пилантроф/ сангийн нийт хөрөнгөөс жилд 3 тэрбумыг зарцуулах эрхийг сангийн ажилчидад олгожээ. Гурван тэрбум нь АНУ-ын нэг улирлын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм байна.
Билл Гэйтс, Варрен Буффет нарын байгуулсан сайн үйлсийн сан 500 гаруй ажилтантай бөгөөд Сиэтлд байрладаг гэнэ. 2009 онд 79 настай золгож байгаа Варрен Буффет “сэтгүүлчид надаас та энэ их эд хөрөнгийг бий болгох хэр хүч хөлс хүч, он цагийг зориулснаа бидэнд яриач гэдэг. Үүнд ганцхан хариулт бий. Би хэзээ ч мөнгөний төлөө хөдөлмөрлөөгүй. Зүгээр л ажилдаа дур сонирхолтойгоор тэмүүлж, дуртай ажлаа бүхнээс сайн хийхийг л хүссэн юм. Гэхдээ би өөрийгөө баян хүн болноо гэдгийг мэддэг байсан юм шүү. Өөртөө төрүүлсэн итгэл маань бүхнээс хүчтэй болгож байсанд нууц нь бий болов уу гэж би хариулдаг” гэжээ.
http://gegeen.wordpress.com/2009/04/15/warren-buffett-i-knew-im-gonna-be-rich-never-doubted/
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)Add Comment

Таны бодол?
жижигрүүлэх | томруулах

busy
 
Найзууддаа мэдэгдэх үү?
kt_vip76_black

Шинэ дугаарын санал хүсэлт

Та КТ сэтгүүлийн дараа сард гарах дугаараас ямар зүйл уншихыг хүсэж байгаагаа бидэнд мэдэгдэнэ үү.
ЭНД ДАРЖ САНАЛ ХҮСЭЛТИЙН ХЭСЭГ РҮҮ ОРНО УУ
Их амархан. Танаас ердөө л 3-хан минут л шаардана.
Цахиурт хөндийн удирдагч
2009 оны 7-р сарын 27, Даваа гариг | КТ
article thumbnailSteve Paul Jobs нь 1955 оны 2-р сарын 24-нд төрсөн. Jobs нь Сан Францискод төрөөд Paul, Clara гэх эцэг эхдээ өргөгдсөн байна. Түүний төрсөн эцэг эх нь Сири улсаас улс төрийн шинжлэх ухааны профессор болохоор ирсэн Joanne Carole Schieble and Abdulfattah Jandali гэдэг хүмүүс байжээ. Тэднийг гэрлэсний дараа Mona Simpson ..
Apple-ийн үүсгэн байгуулагч Steve Jobs-ийн зөвлөгөө
2009 оны 7-р сарын 21, Мягмар гариг | КТ
article thumbnailДэлхийн тэр бумтануудын нэг, бидний сайн мэдэх "Apple" корпорацийн vvсгэн байгуулагч Steve Jobs-ын ажил амьдралдаа мєрдєн, дагаж явдаг зарчимуудаас хvргэе. Тэрээр анх 1955 оны 2-р сарын 24-нд АНУ-ийн Калифорни мужийн Сан Франциско хотод мэндэлсэн бєгєєд 1976 онд анх Apple-г vvсгэн байгуулж ..
Ор хоосноос тэрбумтан болсон түүх
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnail“Hyandai” корпорацийг үүсгэн байгуулагч Чанг Жу Юнг Өмсөх хувцас, хоногийн хоолгүй, өлмөн зэлмүүн байсан ч уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр, ухаан бодлынхоо ачаар үнэмшмээргүй их амжилтад хүрч, үлгэрт л гардаг тэр баялгийг бий болгож чадсан дэлхийн баячуудын туулж ..
Мөнгө “үйлдвэрлэгч” Варрен Буффет
2009 оны 7-р сарын 17, Баасан гариг | КТ
article thumbnailwww.gegeen.com Forbes сэтгүүлээс жил бүр зарладаг тэрбумтаны жагсаалтыг 2008 онд шинэ хүн тэргүүлэв. Сүүлийн 13 жилийн турш дэлхийн тэрбумтануудын толгойд “заларч” байсан Билл Гейтсийн өмнө гишгэсэн хүн бол түүний дотны анд, бизнесийн итгэлт түншлэгч Варрен Буффет байлаа. 77 нас ..
Сахилгагүй удирдагч Larry Ellison
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailДэлхийн тэргүүлэх програм хангамжийн корпорациудын нэг болох Oracle компанийг үүсгэн байгуулагч Larry Ellison нь 1944 оны 8 сарын 17-нд New York хотод тєржээ. Larry Ellison бол мэдээлэл технологийн салбарын хамгийн холч хараатай удирдагч хэмээн бизнесийн хүрээнийхэнд алдаршсан нэгэн билээ. ..
Төрөлхийн компьютерчин Ларри Пейж
2009 оны 7-р сарын 07, Мягмар гариг | КТ
article thumbnailЛаурэнс Пэйж буюу Ларри Пэйж нь 1973 оны 3 сарын 26 ны єдєр Мичиган мужид тєржээ. Тэрээр Google-ийг Сергей Бриний хамт үүсгэн байгуулсан бєгєєд хамтрагчийнхаа адил дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 26-д, АНУ-ын хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 9-д ордог байна.Ларри Пэйж ..
Хүрсэн бүхнээ алт болгон хувиргагч Carlos Slim Hel
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailЭртний Грекийн домогт гардаг хүрсэн бүхнээ алт болгон хувиргадаг Мидас хаан шиг хэмээн Латин Америк даяар алдаршсан дэлхийн тэргүүн баян Carlos Slim Hel нь 1940 оны 1 дүгээр сарын 28 нд Мексик улсын нийслэл Мексик хотод Леваны цагаачийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 2007 оны 7 дугаар ..
Michael Dell-ийн амжилт таны ширээн дээр
2009 оны 7-р сарын 06, Даваа гариг | КТ
article thumbnailТа Michael Dell хэмээх нэрийг ємнє нь сонсож байсан уу? Магадгүй таны ажлын ширээн дээр байрлах компьютерийн дэлгэц дээр түүний нэр тодоос тод бичигдсэн байх биз. Тэрээр Америкийн тэрбумтан бизнесмен гэдгээрээ олны танил болсноос гадна Америкийн тэргүүлэх корпорациудын ..
Силикон хөндийн ЗУРААЧ
2009 оны 6-р сарын 03, Лхагва гариг | КТ
article thumbnailСиликон хөндийн ЗУРААЧ: Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Вознякийн тухай 2007 оны намар Apple компанийг үндэслэгчийн нэг Стив Вознякийн дурсамж "iWoz: Компьютерийн хорхойтноос түмний шүтээн болсон нь" (iWoz: From Computer Geek to Cult Icon) нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Олон хүний хувьд Возняк нь ..

Редакцтай холбогдох

Сэтгүүлийн редакцийн хаяг:
Nisora Tower, 8 давхарт (хуучнаар ДСНК-ийн замын эсрэг талд)
Утас: 976-70161176
Хэрвээ та шууд мэйл илгээхийг хүсвэл энд дарна уу.

Танд тусламж!

- Хэрэгтэй юмаа олж чадахгүй байвал энд дарж цэсийн бүтцийг дэлгэрэнгүйгээр харж болно.
- Сайтын баруун дээд буланд байгаа хайлт хийх нүдийг ашиглаж болно. Шууд кириллээр хайгаарай.
- Шинэ мэдээ орсон даруйд мэдэхийг хүсвэл энд дарж RSS Feeds-т бүртгүүлэх хэрэгтэй.

Гишүүнээр холбогдох