Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар:
Монгол инженерийн бүтээсэн робот, батерей худалдаанд гарна
Эх сурвалж: Зууны мэдээ сонин, №163/3235/Монгол робот, бүх төрлийн батерей болон угсармал компьютер үйлдвэрлэхээр судалгаа хийж байгаа тухай МШХХТГ-ын дарга Ж.Сансартай ярилцлаа.
-
Монголд батерей үйлдвэрлэх боломжтой юу? Судалгааны ажил ямар шатандаа явж байна?
- Технологи, үйлдвэрлэхэд шаардагдах материал бий эсэхийг судалж үзсэний дагуу манай улс хийх боломжтой гэж сонгон гар утас, компьютер, автомашины гээд бүх төрлийн батерей хийхээр судалгааны баг ажиллаж байна. Яагаад заавал батерейг сонгосон бэ гэхээр цайр, литюм зэрэг үйлдвэрлэлд ордог байгалийн хөнгөн металл манай улсад байдаг. Литюмийн хувьд Алтайн нуруунд тогтоогдсон нөөцтэй ч дорвитой судлагдсан зүйл байдаггүй юм билээ. Иймээс энэ боломжтой нөхцөл дээр тулгуурлан мөн Монгол улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу судалгааны ажил дөрвөн сараас эхэлсэн. Энэ ондоо багтаад төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулах зорилт тавиад ажиллаж байна.
-
Шинэ технологиор батерей үйлдвэрлэх үү эсвэл бэлэн технологиор хийх үү?
- Дэлхий дээр Солонгос, Хятад, Америк гэсэн гурван улс батерей үйлдвэрлэх лиценз эзэмшдэг. Шинэ технологиор брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү эсвэл солонгос хятадын технологиор хийх үү гэдэг дээр судалгааны ажил хийгдэж байна. Шинэ технологиор хийнэ гэвэл судалгаа шинжилгээнээс эхлээд хөрөнгө мөнгөний асуудал дээр ч илүү их ажиллагаа шаардана.
-
Монголд компьютер үйлдвэрлэх талаар ярьж байсан. Ямар шатандаа явж байгаа бол?
- М Си Эс Электроникс компани “Могул” брэндийн компьютерийн үйлдвэр байгуулаад буй. Техник хэрэгслийг гадны орнуудаас оруулж, эндээ угсарч байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь тал талаас ирсэн хэдэн төмөр боогоод боллоо гэсэн үг биш. Ядаж л баталгаат хугацаа олгодог, доторх үйлдлийн системийг лицензжүүлсэн, эргээд очиход засварын газартай байж үйлдвэр гэнэ л дээ. Мигма электроникс компани хөдөөгийн малчдын хэрэгцээнд зориулсан машины аккумлятороор цэнэглэн ажилладаг зөөврийн компьютер бүтээн худалдаанд гаргаад байна. Мөн корпус, эд хэрэгслийг гаднаас оруулж, дотоод үйлдлийн системийг Монголдоо зохион бүтээсэн гар утас ашиглалтад оруулахаар МУИС-ийн мэдээлэл технологийн сургуулийн 24 баг туршилт хийж байна. Үүнд монгол хэлтэй үйлдлийн систем, цэс, утасны тоглоом, хөгжим зэрэг хэрэглээний програм зохион бүтээхээр ажиллаж байгаа. Манай зохион бүтээгчид жил бүрийн робокон тэмцээнд амжилттай оролцдог болсон. Залууст маань чадвар байгаа ч тэднийг зохион байгуулан чиглүүлж, эдийн засгийн нөхцөл боломжоор хангаж дэмжих нэгдсэн бодлого хэрэгтэй байна.
-
Эдийн засгийн хувьд энэ нь ямар ач холбогдолтой вэ?
- Дотоодын гар утас, батерей, компьютерийн хэрэгцээг хангаад байвал ядаж л импортын бүтээгдэхүүнээс хямдаар хэрэглэгчдэд хүрнэ. Нөгөөтэйгүүр дотоодынхоо хэрэгцээг хангаад дараа нь дэлхийн зах зээлд экспортлох боломжтой. Гэхдээ эхлээд дотоодынхоо хэрэглэгчийг хангах зорилготой байна.
-
Хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулж байна?
- Хаана, ямар шинэ зах зээл байна, ямар техник технологи оруулж ирэх боломжтой байна вэ гэдгийг судлах нь бидний хийх ажил. Харин судлаад, төслийг нь боловсруулсны дараа хэрэгжүүлэх ажилд хөрөнгө мөнгөний хэрэгцээ ихтэй. Гэхдээ энэ нь тухайн компаний асуудал байдаг. Төрийн өмчийн байгууллагыг төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд дотооддоо үйлдвэрлэл байгуулах тал дээр онцгой анхаарч ажиллана гэж бодож байна.
Б.Нарангоо
| Б.Наранхүү: Өмнө нь 60 төгрөгөөр ярьдаг байсан бусад операторууд руу одоо үнэгүй ярина | Ж.Ихбуян: Мигма Электроникс компанийнхан ХУВЬСАЛ хийлээ |
|---|
Бусад хүмүүс ингэж хэлэв.. (0)

Таны бодол?














Google
Facebook
Twitter
Myspace
Linkedin
Yahoo
Digg
Del.icoi.us
Blogger
Rain Concert
